VALS загвар

Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагуудын амжилттай ажиллах үндэс нь маркетингийн оновчтой шийдвэр гаргалт байна. Энэ нь компанийн зорилтот зах зээлийн сонголт, хэрэглэгчийн оновчтой сегментчилэл, түүнд тохирсон бүтээгдэхүүний хоногшуулалт хийх нэгдмэл үйл явц юм. 

Тиймээс энэ үйл явцыг маш нарийн судалгаа шинжилгээнд тулгуурласан оновчтой шийдвэр гаргалтын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэхийг аливаа байгууллагын маркетингийн амин чухал асуудал гэдгийг судлаачид онцолдог. 

Зах зээлийн сегмент гэдэг нь хэрэглэгчийн ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэх тухай асуудал юм. 

Зах зээлийг тодорхой сегмент болгон ангилсны үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн маркетингийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна зах зээлийг сегментчилэхгүйгээр хэрэгжүүлсэн маркетингийн үйл ажиллагаанаас илүүгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг тул компанийн ашиг олох үндэс болдог.

Байгууллагууд хэрэглэгчдээ нас, хүйс, боловсрол, байршил, орлого гэх мэт үзүүлэлтээр сегмент үүсгэн тэдгээрт тохирсон маркетингийн идэвхжүүлэлтийг хийж байдаг.

Эдгээр энгийн сегментчилэх аргаас гадна хэрэглэгчийн сегментчилэх хэд хэдэн загвар байдгийн нэг нь VALSзагвар юм.

VALS – Values And Lifestyles гэсэн үгний товчлол бөгөөд хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашигладаг. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн боловсруулж гаргахаас эхлэн хэрэглэгчидтэй харилцаж, идэвхжүүлэх хүртэл маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд ашиглаж болдог.

VALS загвар нь хэрэглэгчдийг тухайн үйлдэлд хүргэж буй сэдэл ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц гэсэн үзүүлэлтүүдэд үндэслэн 8 бүлэгт хуваадаг. Үүнд:  

  1. Шинийг эрэлхийлэгч – Innovator. Тэд аливаад хүчин чармайлт, зүтгэл гаргаж, амжилтад хүрдэг. Тэд өөрчлөлт, шинэчлэлийн манлайлагч нь болж чаддаг. Шинэ бүтээгдэхүүн, технологийг хүлээн авахдаа тун мэдрэмжтэй. Идэвхтэй хэрэглэгчид байх ба сонголт нь тэдний өвөрмөц шинж чанарыг илэрхийлсэн байна. Инноваторуудын хувьд имиж нь маш чухал ач холбогдолтой. Тэдний хувьд имиж нь хүч чадал эсвэл байр суурийг илэрхийлэхээс илүү тэдний хүсэл сонирхол, бие даасан байдал, өвөрмөц зан чанарын илэрхийлэл болдог.
  2. Сэтгэгчид – Thinkers . Хүсэл тэмүүлэл нь тэдний гол сэдэл болдог. Төлөвшсөн, амьдралдаа сэтгэл хангалуун, ухаалаг хүмүүс. Боловсролтой, аливаа шийдийг гаргахдаа мэдлэг мэдээлэл дээр тулгуурлана. Дэлхий дахин, улс оронд болж өнгөрч буй бүхний талаар мэдлэг сайтай байх ба мэдлэгээ нэмэх өчүүхэн боломжийг ч үл алдана. Засаглал, эрх мэдлийг хүндэлж, шинийг хүлээж авахдаа нээлттэй. Хэдийгээр орлогын түвшин хэрэглээг нь хязгаарладаггүй боловч тэд даруухан бөгөөд бодит ашиг тусыг илүүд үзсэн хэрэглээтэй. Бүтээгдэхүүнд юуны өмнө удаан эдэлгээ, гүйцэтгэл, ашиг тусыг нь эрхэмлэдэг.
  3. Тэмүүлэгчид – Achievers. Тэдний гол сэдэл нь зорилгоо гүйцээхэд оршино. Амьдралын хэв маяг нь тавьсан зорилгоо биелүүлэхэд чиглэгдсэн байх ба карьер, гэр бүлээ юу юунаас илүү чухалчилж үзнэ. Уламжлалт хэв маягийн амьдралтай, улс төрийн үзэл бодлын хувьд хуучныг баримтлагчид. Засаглал, эрх мэдлийг хүндэтгэнэ. Тэд нэгдмэл, тогтвортой, найдвартай байдлыг эрсдэл, шинийг сорихоос илүү үзнэ. Тэмүүлэгчид нь хүсэл хэрэгцээ ихтэй, идэвхтэй хэрэглэгчид байдаг. Имиж тэдний хувьд маш чухал бөгөөд өөрсдийнх нь амжилтыг илтгэх нэр хүндтэй, алдартай брэндүүдийг сонгодог. Зав муутай хэмнэлээр амьдардгаас цаг хугацаа хэмнэсэн бүтээгдэхүүнүүдийг сонирхоно.
  4. Туршигчид – Experiencers. Тэдний гол сэдэл нь өөрийгөө илэрхийлэхэд оршино. Залуу, эрч хүчтэй, тогтворгүй хэрэглэгчид байдаг. Шинэ боломжуудыг дор нь үнэлж анхаардаг ч амархан сонирхол нь буурдаг. Тэд үргэлж сэтгэл хөдөлгөсөн, шинэлэг, эрсдэлтэй сонголтыг эрэлхийлнэ. Биеийн тамираар хичээллэж, аялал, зугаалгад дуртай байх ба нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Орлогынхоо харьцангуй их хувийг сүүлийн үеийн загварын хувцас, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхэд, олны дунд байхад зарцуулна. Тэдний сонголт бусдад дэгжин харагдах, чамин эд зүйл хэрэглэх эрмэлзлийг нь илэрхийлнэ.
  5. Итгэгчид – Believers. Сэтгэгчдийн нэгэн адил тэднийг хөдөлгөгч хүч бол хүсэл тэмүүлэл нь байдаг. Үндэс угсаа, нийгэм, шашин шүтлэг, гэр бүлээс үүдэлтэй, эртний уламжлалт хуучны үзэл баримтлалтай. Ёс зүйн хэм хэмжээг хатуу сахидаг. Тэдний амьдралын хэмнэл зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй орон гэр, гэр бүл, ойр орчныхон болон харьяалагдах нийгэм, шашны эргэн тойронд хүүрнэнэ. Хэрэглэгчийн хувьд тэдний зан төлөв тааварлахад хялбар. Хэрэглэж заншсан сайн мэдэх олонд нэртэй брэндүүдийг сонгоно. Үндэсний үйлдвэрлэлийн үнэнч хэрэглэгч.
  6. Тэмцэгчид – Strivers. Сүүлийн үеийн хандлага дагаж, зугаацаж хөгжилдөх дуртай. Тэмүүлэгчдийн адил хөдөлгөгч хүч нь зорилгоо гүйцээхэд оршино. Тэмцэгчид, хүмүүс юу бодож байгаад ихээхэн санаа зовдог бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь тэдний хувьд маш чухал. Амжилт тэдний хувьд мөнгөөр хэмжигддэг тул хэрэгтэй зүйл нь мөнгө. Чинээлэг хүмүүсийг хуулбарласан дэгжин зүйлс сонирхогч. Карьер хөөхөөс илүү гайгүй ажилтай байгаадаа анхаардаг тул албан тушаалын хувьд ахих нь ховор. Худалдан авалт хийх нь тэдний хувьд олны дунд байх, бусдад өөрийгөө худалдан авах чадвартайг харуулах боломжийг олгодог. Хэрэглэгчийн идэвх нь санхүүгийн байдлаас нь хамаардаг.
  7. Бүтээгчид – Makers. Туршигчдын адил тэднийг өөрийгөө илэрхийлэх эрмэлзэл дагуулдаг. Тэд байшингаа барьж хүүхдүүдээ өсгөж, ногоо дарж өөрсдийнхөө ертөнцийг бүтээн босгодог. Тэд амьдралын ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй байдаг. Тэд өөрсдийн бүтээн босгосон ертөнцдөө амьдран, түүний гадна юу болж байгааг үл хайхарна. Шинэ санаа хүлээж авахдаа болгоомжилдог. Засаглалыг хүндэлдэг ч өөрсдийн эрхийг нь зөрчиж байгаад гомдолдог. Тэд аливаа бүтээгдэхүүнд материаллаг үр ашгийг илүүд хардаг. Тиймээс тансаг гэхээсээ илүү ашиг тустай бүтээгдэхүүн сонгодог.
  8. Амь зуугчид – Survivors. Амьдарлаа тодорхой хүрээнд хязгаарлаж амьдардаг. Тэднийг худалдан авалт хийлгэх шалтаг маш цөөхөн. Дуртай брэндээ, ялангуяа хямдралтай худалдан авч байгаа бол үнэнч байна: ертөнц хэт хурдтай өөрчлөгдөж байна гэж боддог. Тэд таньж мэддэг зүйлээ л илүүд үзэж болгоомжтой хандана. Хэрэглээ нь хүслээ биелүүлэхээс илүү хэрэгцээгээ хангахад чиглэгддэг.

Хэрэглэгч, бүтээгдэхүүн худалдан авахдаа өөрийг нь илэрхийлсэн сонголт хийдэг. Иймээс маркетерүүд зорилтот зах зээлийнхээ амьдарлын хэв маяг, хувийн зан чанарыг илэрхийлсэн брэндүүдийг бүтээдэг болсон байна.   


Тухайн сегментэд тохирох хэрэглэгчдийг тодорхойлохдоо хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох асуултуудыг багтаасан асуулгын судалгаа авч боловсруулалт хийдэг. Энд хүн ам зүйн үндсэн асуулт болох нас, хүйс, гэрлэлт болон ажил эрхлэлтийн байдал, орлого зэрэг мэдээллээс гадна дараах 35 асуултыг санал нийлэх байдлаар нь баллын үнэлгээний аргаар үнэлүүлдэг. 

Leave a Reply

Your email address will not be published.