ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ ТОДОРХОЙЛСОН 3 СОНИРХОЛТОЙ СУДАЛГАА

Хэрэглэгчийн зан төлөв гэсэн сэдэв нь маш өргөн хүрээг хамрах ойлголт. Бие хүмүүс болон нийгмийн бүлгүүд аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санаа, туршлага зэргийг өөрсдийн хэрэгцээ хүсэлдээ нийцүүлэн сонгох, худалдаж авах, хэрэглэх эсвэл ашиглахаас татгалзах үйл явцыг хэрэглэгчийн зан төлөв хэмээн нэрлэдэг. Бид та бүхэнд хэрэглэгчдийнхээ зан төлөвийг ойлгоход туслах хамгийн сонирхолтой 3 судалгааны үр дүнгээс танилцуулъя.

Бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээ

“Journal of Applied Psychology” сэтгүүлд нэгэн сонирхолтой туршилтын талаар нийтлэгдсэн нь бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь хэрэглэгчдэд дундаж сэтгэгдэл төрүүлсэн байлаа ч түүнийг дагалдах үйлчилгээ байгаа тохиолдолд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн төвшин мэдэгдэхүйц өсдөг байна. Энэхүү туршилт нь 3 өөр бүлэг дээр явагдсан.

  • Эхний туршилт дээр хэрэглэгчдийг зоогийн газар хооллож дууссаны дараа тооцоог өгөх бүртээ зөөгч нар хэрэглэгчдэд нэг ширхэг гааны навч бэлэглэсэн.
  • Хоёр дахь бүлэгт тооцоогоо авахаас нь өмнө хоёр гааны навч өгсөн ба дараа нь мөн нэгийг нэмж өгчээ.
  • Гурав дахь бүлэгт тооцооны хуудасны хамт хоёр ширхэг гааны навч өгсөн бөгөөд тооцоогоо төлсний дараа мөн хоёрыг өгчээ.

Судалгааны үр дүнгээр эхний бүлэг зөөгчдийн цайны мөнгийг 3 хувиар өсгөсөн, хоёр дахь бүлэг 14 хувиар гайхалтай өсгөж харин 3 дахь бүлэг хүмүүс хамгийн их буюу 23 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дагалдах үйлчилгээ хэрэглэгчдэд хэр өндөр сэтгэгдэл төрүүлдгийг маш тодорхой харуулж байгаа юм. Түүнчлэн уг зоогийн газар үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаагаа улам бат бөх болгож байгаа билээ.

Мөнгө биш, цаг хугацааг худалдъя

Судлаачид ондоо бүлгийн хэрэглэгчид дээр туршсан өөр нэг гайхалтай судалгааны үр дүнд бизнес эрхлэгчдийн сайтар анхаарууштай үзэгдлийг илрүүлжээ. Дундаж орлого бүхий хэрэглэгчдэд тансаг мэдрэмж бус, өмнөх үнэ цэнэтэй дурсамжуудаа сэргээх боломж олгох бүтээгдэхүүнийг худалдах нь илүү их ашиг орлого авчирч байгаа нь харагдсан байна. Ялангуяа зар сурталчилгаа болон шошгон дээрээ хүмүүст цаг хугацаа зарж буйгаа ойлгуулах нь чухал байдаг аж. “It’s Miller time”, “Ideas for Life” зэрэг үгнүүд танд танил санагдаж байгаа биздээ.

Жишээ нь, бидний багадаа уух дуртай байсан 100-н ундааны зураг бүхий цамц байвал хүмүүс хэр их сонирхох бол? Үүнийг л хэлээд байгаа юм.

Сонголт олшрох тусам худалдан авалт буурна

Онлайнаар хувцас захиалах, хэтэрхий олон хоолны сонголт бүхий зоогийн газарт хооллох зэрэг сонголт хийхэд бэрхшээлтэй, төөрөлдсөн мэдрэмж төрж байгаагүй гэж үү? Шийна Лайнгер хэрэглэгчдэд хоёр өөр тоо ширхэг бүхий жимсний чанамлуудыг санал болгох туршилт явуулсан нь бидэнд түгээмэл тохиолддог энэ асуудлыг илүү ойлгомжтой болгон батлаж өгсөн билээ.

Тэрээр нэгэн бямба гаригт 24 төрлийн амт бүхий жимсний чанамлуудыг хэрэглэгчдэд амтлуулсан ба дараагийн бямба гаригт ердөө 6 төрлийн амт бүхий чанамлыг амтлуулсан байна. Санаанд оромгүй үр дүн гарсан нь эхний өдөр хэрэглэгчдийн амталгаанд оролцсон байдал 60%, нийт борлуулалт нь 3% байсан бол дараачийн өдөр хэрэглэгчдийн амталгаанд оролцсон байдал 40%-тай ч нийт борлуулалт нь 30% байсан юм.

Хэрэглэгчийн зан төлөв бол маркетинг болон сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун юм. Үүнийг сайтар судалснаар хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахдаа юу хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдгийг харж ойлгох боломжтойг дээрх 3 судалгаа харуулсан гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published.