ҮНЭНЧ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХОД ТУСЛАХ 4 СУДАЛГАА

Зах зээл, эдийн засгийг хөдөлгөгч хамгийн гол хүчин зүйл бол хэрэглэгч юм. Бизнес гэдэг нь хэрэглэгчдийг олж, тэднийгээ тогтоон барьж, тэдэнтэйгээ хамт өсөж өргөжсөнөөр амжилтад хүрдэг. Нэг үгээр, хэлбэл бизнесийн амин сүнс нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох явдал гэж хэлж болно.

Солонгосын эртний нэгэн үгэнд, “Бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш харин хүний сэтгэлийг татахын нэр бөгөөд тэгж чадсан цагт мөнгө өөрөө тань руу урсан ирэх болно” хэмээсэн байдаг.

Маркетерууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангах, анхаарал сонирхлыг нь татах, улмаар тэднийг идэвхжүүлэх замаар харилцаа тогтоодог. Бат бөх харилцааг бий болгох, тасралтгүй хамтын ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах нь бизнесийн байгууллагад чухал ач холбогдолтой юм. Учир нь сэтгэл ханамжтай байдал нь үнэнч хэрэглэгчийг бий болгох гол хэмжүүр бөгөөд худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэн хүлээсэн болон бодит шинж хоёрын хоорондын зөрүүгээр илэрнэ. Хэрэв бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүссэнтэй нийцэх эсвэл түүнээс давсан бол сэтгэл ханамжтай байна. Харин сэтгэлд нь үл нийцсэн тохиолдолд ханамжгүй байдал бий болно. Сэтгэл ханамжтай хэрэглэгч нь маркетингийн зардлын тэн хагасыг хэмнэдэг бөгөөд үнэнч хэрэглэгчээ урамшуулж чадвал тэр танай байгууллагын өмнөөс сурталчилгаа хийж, таны өмнөөс борлуулалт хийхэд бэлэн байдаг байна.

Тэгвэл үнэнч хэрэглэгчийг тодорхойлж тэдний хүслийг мэдэх, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад туслах 4 судалгааны төрлөөс хүргэж байна.

Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг үнэлэх 

Хэрэглэгч бүр харилцан адилгүй байдаг. Нэг хэсэг нь бүтээгдэхүүний чанарт анхаарч байхад нөгөө хэсэг нь үйлчилгээний чанарыг илүү чухалчилдаг. Тэгвэл танай компанийг сонгож буй хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээний аль хэсэгт, ямар сэтгэл ханамжтай байгаа, түүнчлэн ямар үзүүлэлт хэрэглэгчийн хувьд хамгийн ач холбогдол өндөртэйг мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг удирдаж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, гарсан үр дүнгээс хамаарч тохирох үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалтыг хийх нь зүйтэй.

Энэ судалгаанаас та компанийн нэр хүнд, борлуулалтын үйл явц, үйлчилгээний чанар, орчин, бүтээгдэхүүний санал болгож буй үзүүлэлт (үнэ, сав баглаа боодол г.м) нэг бүрийн дутагдаж байгаа болон сайн байгаа зүйлсийг тодорхойлох боломжтой юм.

Өндөр сэтгэл ханамжтай хэрэглэгчид урт хугацаандаа үнэнч хэрэглэгч болж үлддэг бөгөөд компанийг шинэ эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад эргэлзэлгүй худалдан авч, бусад хүмүүст эергээр ярьж, өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд онц анхаарал тавихгүй, үнийн мэдрэмж багатай байдаг.

Өрсөлдөгчдийнхөө гүйцэтгэлд мониторинг хийх 

“Хэрэглэгч манайхыг сонгохоо больсон” эсвэл “Энэ бол манай хэрэглэгч биш өрсөлдөгчийнх” гээд судалгааны гадна орхиж болохгүй. Компани өөрсдийн хэрэглэгчдээ алдаж байгаа хэсэгтээ мониторинг хийж худалдан авалт хийхээ больсон эсвэл өөр нийлүүлэгчийг сонгох болсон хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоож учир шалтгааныг нь мэдэх нь чухал. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын хандлага зэрэг маш олон хүчин зүйлсээс хамаарч хэрэглэгчдэдээ таагүй сэтгэгдэл төрүүлснээр тэднийг өрсөлдөгч компаниудад алдаж болно. Мөн өрсөлдөгч компани яаж танай үйлчлүүлэгчийг өөрийн болгосон талаар та сонирхохгүй байна гэж үү?

Таагүй сэтгэгдэлтэй үлдсэн хэрэглэгч өөрөөсөө гадна дунджаар 11 хүнд компанийн тухай таагүй мэдээллийг түгээж байдаг ба энэ талаарх мэдээлэл асар хурдтай тархдаг байна.

Нууц худалдан авалтын судалгаа хийх

Нууц худалдан авалтын судалгаа нь танд өөрийн болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг 100% хэрэглэгчийн нүдээр харж, мэдрэх боломжийг олгодог. Үүнээс өөрийн болон өрсөлдөгчийнхөө сул ба хүчтэй талуудыг үнэлүүлж, борлуулалтын аль шатанд алдаа дутагдал болон давуу талтай байгааг тодорхойлж, бий болсон сул болон дутагдалтай талуудад анхаарч, хэрэглэгчдээ гомдоохоос сэргийлэх олон талт үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой.

Зорилтот сегментээ тодорхойлох

Компаниуд өөрсдийн орлого, ашгаа өргөтгөх, шинэ хэрэглэгчдийг хайж олоход өөрт байгаа нөөцийнхөө нэлээд хэсгийг зарцуулдаг. Зар сурталчилгаа хийж, ирээдүйн хэрэглэгчдэд хүрч болох мэдээллийн хэрэгслүүдээр цацаж, тэдэнд и-мэйл бичиж, шуудан илгээж, шууд болон шууд бус идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд тухайн хэрэглэгчийн онцлог шинжийг тодорхойлон сегмент үүсгэж, түүнд таарсан маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болно. Мөн хүрч буй сувгуудаас хамаарч өөр өөр төрлийн үнэ цэнэ бүхий хэрэглэгчдийг олж авдаг.

Судалгаатай хөгжицгөөе! – www.esurvey.mn

Leave a Reply

Your email address will not be published.